Өнгөрсөн хагас сайнд Дарь эх дэх Би чадна төв дээр өдрийн үнэхээр хөгжилтэй сайхан өнгөрөөв. Төвийн байнгын зочин Обод ах, Оргио ах нар үдээс хойш ирнэ гэсэн болохоор бид хүлээнгээ хоорондоо ирээдүй хийгээд хүсэл мөрөөдлийн тухай ярилцав. Ярилцлагад маань 30 орчим хүүхэд оролцон юм.
Мөрөөдөх дуртай юу, мөрөөдөл биелдэгт итгэдэг үү гэхэд хүүхдүүд бүгд л энэ эгч юу асуучихав гэсэн шиг над уруу сүрхий харцгаав. Багачуулын нүд нь гэрэлтээд л гэхдээ шууд юу гээд хэлэхээ мэдэхгүй эргэлзсэн байдал тэдний царайд тодхон байв. Харин арай томхон хэд нь тэр ч бараг худлаа доо гэх юм. Томчуудынхаа хэлсэн үгийг сонсоод багачууд нь аман дээрээ гарч ирээд байсан үгсээ залгачихав. Гэхдээ үнэндээ том багагүй бүгд асуусан асуултандаа намайг өөрөө хариулаасай, үнэхээр мөрөөдөл биелдэг болов уу гэсэн шиг цоо ширтэцгээх аж.
Мөрөөдөл биелдэг юм гэхэд зарим нь илт баярласан царайтай болоход харин нилээдгүй хэсэг нь эргэлзсээр байгаагаа нуусангүй. Зөв мөрөөдөх хэрэгтэй, мөрөөдлөө биелүүлэхийн тулд чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй тэгвэл биелнэ шүү дээ гэхэд итгэж ядсан ч итгэхийг хүссэн харцаар намайг харцгаана.
Ингэхэд хэдүүлээ мөрөөдөцгөөе. Алив 2009 он удахгүй гарах гэж байна. Хэдүүлээ 2009 онд юу хийцгээх үү? гэхэд бүгд бодол болоод суучихав. Ингэхэд Тэнгис кинотеарт кино үзсэн хүүхэд хэд байна гэхэд 10-аад хүүхэд багшдаа асуугдаж байгаа аятай би гэсээр гараа өргөв. Хамгийн олон удаа үзсэн нь гэхэд нэг л хөвгүүн амралт бүрээрээ бас төрсөн өдрөөрөө, хүүхдийн баяраар кино үздэг гэв. Тэд байгаа хүүхдүүдийн ихэнхийнх нь нүдэнд түүнд атаархсан гэнэхэн харц тод ажиглагдаж байлаа.
Тэгвэл бүгдээрээ тэнд кино үзье гэсэнд бүгд л их баяртай байгаа нь илт байсан ч яаж гэдгийг сайн ойлгоогүй бололтой. Би тэдэнд амалчихав. Энд байгаа хүүхдүүд бүгдээрээ кино үзнээ гээд.
Тэгтэл хүүхдүүд өөр юу үзэж болох тухай ам булаалдан хөөрөлдөж эхлэв. Динозавртай музей, түүхийн музей, оюун ухааны музей үзэх саналууд олонхийн дэмжлэг авлаа. 6-гаас дээш ангийн хэд хөвгүүн оюун ухааны музей их сонирхолтой санагдаж байна, бас бид Төрийн ордон орж үзмээр байна гэцгээв. Яаж бүгдээрээ тийшээ оров вэ дээ гэвэл та тэгвэл бидний дунд уралдаан зохиогоод түрүүлсэн хүүхдүүдийг л оруулаад үзүүлчих л дээ гэцгээнэ, тэгснээ ингэхэд Засгийн Төрийн ордонд хүүхэд оруулдаг юм болов уу ч гээд эргэлзээд амжив.
Та нар үүнийг чин сэтгэлээсээ хүсээд бас биелээсэй гэж өөрсдөө хичээгээд үзвэл бид биелэхэд ньзаавал туслах болно гэсэн үг маань тэдэнд ихийг бодогдуулчих шиг болов.
За хэн нэгэнтэй уулзмаар байна уу гэсэн асуулт маань тэдний дунд бөөн маргаан буй болгоод эцэст нь би арга буюу зохион байгуулалттайгаар санал хураав. Ингээд Би чадна төвийнхөн маань дараахи хүмүүстэй уулзахыг, тэдний хүүхэд нас, хүсэл мөрөөдөл, амжилтын түүхээс хуваалцахыг хүсэж байна.
Жүжигчдээс: Макс продакшны Баярмагнай, Мөнхсайхан, Эрдэнэзаан
Дуучдаас: Болд, Ариунаа
Тамирчдаас: Олимпийн медальтнуудтай бүгдтэй нь
Харин олимпийнхон бидэнтэй ирж уулзахгүй байхаа, телевизийн сурвалжлагчдад мэдээлэл өгөхөөс татгалзаад биеэ тоочихсон байна гэж томчууд ярьж байна лээ. Гэр хорооллын бидэн шиг хүүхдүүд дээр ирэхгүй бизээ гэсэн үл итгэх хандлага илт байсан ч би тэдэнд ядаж 2-ыг ньолж авчирч уулзуулж боломжийг хайхдаа амлав. Тэд уг нь Түвшинбаяртай уулзмаар байна, олдохгүй бол медаль аваагүй байсан ч хамаагүй боксынхонтой уулзуулж өгөөрэй гэж хүсэж байх юм. Аан тийм чөлөөт бөхөөр хичээллэдэг гэх хэдэн хүү тэр олимпийнхноос дутуугүй бидэнд Зэвгийн Ойдов гэх мундаг хүнийг авчирч танилцуулаач, өөрийн нэрээр мэх хүртэл бий болгосон үнэхээр аугаа хүн гэсээр намайг шалцгаав.
Харин улс төрчдөөс гэтэл багачуул нь мэдэхгүй гэсэн шиг арай том хэдийгээ харах аж. Тэд хуучин ерөнхийлөгч байсан Н.Багабанди гуайтай уулзмаар байна гэх юм. Та нар түүний тухай яаж хэрхэн мэддэг вэ гэтэл яагаав телевизээр Титэм үг гээд нэвтрүүлэг гардаг ш дээ гэсээр бид өөрсдөө байнга үздэггүй ч аав ээжүүд маань сайхан нэвтрүүлэг гэдэг юм, тэр их ухаантай хүн бидэнтэй уулзах болов уу гэж асуув. Энэ удаад би шууд амлахад хэцүү байна, гэхдээ та нар бүгдээрээ ингэж хүсэж байгаа бол Багабанди гуайтай уулзахдаа өөрсдийгөө юу хийж чаддаг болсноо ярих хэмжээнд сайтар хөгжүүлэх хэрэгтэй дээ гэхэд бүгд тийм шүү гэсээр хүлээн зөвшөөрөв.
Гэтэл хажууд суух нэгэн бяцхан хүү над уруу их л үл итгэсэн харцаар харсаар ингэхэд хүсэл мөрөөдөл бүхэн үнэхээр биелдэг гэж үү. Энэ хүмүүс бидэнтэй үнэхээр уулзана гэжүү хэмээн асуулаа. Би хариуд нь яагаад биелж болохгүй гэж бид чинь олуулаа бүгд ижил хүсэл мөрөөдөлтэй байвал бас бүгд хичээвэл биелнэ ш дээ гэв. Харин нөгөө хүү хариуд нь мөчөөгөө өгсөнгүй өөдөөс ингэхэд би хүсэж байна, та надтай Майкл Жордонг уулзуулчих юм биш гэсээр инээв. Хариуд нь би ч гэсэн инээсээр чи түүнтэй бүтэн өдрийн турш чөлөөтэй ярилцаж, өөрийгөө, өөрийнхөө ертөнцийг танилцуулж чадах уу, мэдээж англи хэлээр гэв. Тэгсэн нөгөөх маань хөөрхөн цангисан дуугаар инээгээд энэ ч худлаа би хүсэх чадахгүй юм байна гэлээ.
Зарим нэг хүн намайг хүүхэд хошгоруулаад дэмий горьдлого төрүүлээд гэж магадгүй л юм. Гэхдээ хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг, басхүү тэр хүсэл мөрөөдөл биелэх боломжтой гэдэгт итгэх хичнээн сайхан гээч. Өнөөдөр тэр хүү Майкл Жордонтой уулзаж амжихгүй гэдгээ мэдэж байгаа ч магадгүй маргааш, ирээдүйдээ түүнээс ч мундаг хүмүүстэй уулзаж, бас тэр үеийн гайхамшигт хүмүүсийг бяцхан хүүхдүүдтэй уулзуулж явах ч юм билүү.
Хүсэл мөрөөдөл дууссан газар хүний амьдрал зогсдог гэдэг. Тэднийг гэрэлт ирээдүйд хүргэх зам тэдний гэгээн хүсэл мөрөөдлөөр дамжин гэрэлтэж байг ээ.