Заримдаа номын дэлгүүр орохоороо гарахаа мартчих гээд байдаг л даа. Гэхдээ их цөөхөн ордог болохоор тэгдэг байж магадгүй. Тэртэй тэргүй “тархи”-ны ачаалал их байгаа болохоор би сүүлийн үед зурагтын мэдээ, сонингийн нийтлэл, судалгааны тайлан, судлаачийн бичлэгийг уншихаа байсоон. Нүд гүйгээд үгнүүд нь мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг, бас монгол хэлээр бичигдээгүй ч юм шиг, эсвэл би монгол хэлээр ойлгохоо байсан ч юм шиг санагдаад. Ядарсаны шинж гэнэ. Бие төдийгүй бас сэтгэл ч ядарсаны шинж биз.
За тэр ч яах вэ. Нэгэн жижигхэн номыг уншив.
Тэрхүү номыг Адам Жексон бичсэн байх агаад Б.Билгүүндалай хэмээх нэгэн орчуулжээ. Аль 2 жилийн өмнө хэвлэгдсэн байх ч би сая л олж уншиж байдаг.
Б.Билгүүндалай танаа өчүүхэн уншигч би танд үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Цэцэн ухаан, хайрын тухай амьдралыг өөрчлөх орчин үеийн энэхүү сургааль л өнөөдөр их олонд хүний хувьд эрсээр, бэдэрсээр байгаа цорын ганц “гарц” болохыг үгүйсгэхгүй юм.
Номонд нэгэн ази өвгөн тэрхүү “гарц”-ыг эрэлхийлэгчтэй таарч хачирхалтай жагсаалтыг үлдээснээр сониуч гол дүрүүд маань “эрэл”-д гарч эцэст нь амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлийг олж авч чадах юм. Би үйл явдлыг нь энд дурьдаад яах вэ, та өөрөө олоод уншчихна биз. гол нь тэнд өгүүлсэн гол дүгнэлтүүд нь үнэхээр хүмүүст хэрэг болохуйц санагдсан тул энд би жишээлэн авч уншиж амжихгүй хэн нэгэнд өгүүлмээр санагдсан юм. Таалан болгооно уу.